ИТХ-ын даргын мэндчилгээ
2024-09-05 00:00:00,   322

        Төрөлх Арбулаг сумынхаа азай буурлууд, өлгий нутгаараа овоглодог үе үеийн иргэд, ирээдүй болсон  хүүхэд багачууд, эрдэмтдийн залгамж халааг үргэлжлүүлэн авч яваа Эх дэлхийн дөрвөн зүг найман зовхис, эцэг өвгөдийнхөө төрж өссөн газар шороон дээр өсөж бойжин өнө мөнхийн он цагийг түүчээлэн Арбулаг сумынхаа хөгжил дэвшлийг өргөжүүлэн аж төрж буй Та бүхнийхээ амар амгаланг айлтган мэндчилье.

       Нутгийн өөрөө удирдах байгууллагыг чадварлаг, нээлттэй, ил тод болгон төлөвшүүлж, төлөөллийн ардчилалыг шууд ардчилалтай хослуулж иргэн иргэний нийгмийн байгууллагуудын оролцоонд тулгуурлан сум орон нутгийнхаа эдийн засаг нийгмийн хөгжлийн чиг хандлагыг иргэдийнхээ нийтлэг эрх ашигт нийцүүлэн хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд хэрэгжүүлэн хөгжил дэвшил өөд урагшлахыг нь нэн тэргүүний зорилго болгон ажиллаж байна.

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжоор олгосон бүрэн эрхийг хэрэгжүүлэхдээ Арбулаг сумын нийгэм, эдийн засгийг 2024-2034 онд хөгжүүлэх урт хугацааны хөтөлбөрийн хүрээнд нутгийн удирдлагын хөгжлийн хүрсэн төвшинд суурилуулан Нутгийн удирдлагын үндсэн зарчим, нутгийн өөрөө удирдах ёсны хөгжлийн чиг хандлага, Арбулаг сумын дунд хугацааны хөгжлийн хөтөлбөр хурлын байгууллагын үйл ажиллагааны уламжлал, шинэчлэлийг хослуулах арга барилыг удирдлага болгон нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн  асуудлыг бие даан шийдвэрлэж ирлээ.

          Өвөг дээдсийнхээ уламжлан үлдээсэн өв соёл, газар нутгаа эрхэмлэн дээдэлж, залуу үедээ ажиллаж амьдрах таатай орчин нөхцлийг бүрдүүлж, сумынхаа хөгжлийг бодитой төлөвлөж, хүн бүр ажил үйлс, сэтгэл зүрхээ зориулж чадвал манай суманд нөөц боломж маш их бий. Нутгийн минь уул ус өнө мөнхөд ивээж, хүн зон минь эрүүл энх, элбэг хангалуун, сумандаа сайхан амьдрахын ерөөл дэвшүүлье.  

Айл бүхэнд аз жаргалын гэрэл асаж, инээд хөөр цалгиж, хүүхэд бүрийн нүдэнд хайр гэрэлтэх болтугай.

 

ХҮНДЭТГЭСЭН:

АРБУЛАГ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН

ХУРЛЫН ДАРГА С.АЮУШЖАВ

 

2024-09-05 00:00:00