ЦАГААН ЧУЛУУТЫН ОВООНЫ ДОМОГ.

Гол овооноос дөрвөн тал тийш багавтар дөрөв дөрвөн чулуун овоо нийт 17 чулуун овоо бүхий Монголдоо хамгийн томд тооцогдох овоо юм. Эл овоог Хотгойдын Шадар ван Чингүнжавыг 1757 онд Манж нарт баригдаж, Бээжинд аваачиж цаазлахад туг, бүрээг албат нар нь авч хурал номынхоо газарт нандигнан хадгалж түүнийг онгон шүтээнээ болгон тахиж байжээ. Нэгэн хотгойд өвгөн:
-Энэ зэс бүрээг хүн үлээгээгүй байхад нэгэн цагт аяндаа өөрөө дуугарна. Тэр дуунаар түмэн олон Чингүнжавын тугийг барьж хөдлөөд манж хятдуудыг хөөн зайлуулна. Миний бүрээний дууг сонссон монгол хүн бүрийн хүч тэнхээ нь оргилж, цог хийморь нь бадарч манж хятдуудын сүр сүлд гүдлэн унах болно гэж шадар ван сэрүүн тунгалаг байхлаа айлдсан юм гэж нутаг нугын олноо тэмцэлд уриалан дууджээ. Хотгойд нутгийнхан шадар вангийн хурууг, түүний алтан цогцосыг төлөөлүүлэн төрөлх нутагт нь ёс төгөлдөр оршуулахыг зорьжээ.
Нутгийн олон энэ зорилтоо гүйцэтгэхээр манж нараас далдуур бэлтгэж оршуулах газраа ч товолжээ. Наран ээвэр үржил шим сайтай алсын бараа ихтэй хотгойд нутгийн төв хэсэгт эх газраа сонгож Арбулагаа зүүхэнтэй Сөртийн хөндийн баруун бие, Цагаан чулуутын тохой орчим нэгэн толгой дээр газар ухаж дээр нь босгох овооны мод чулууг сэм зөөж товлосон өдрөө манжийн туршуулд эс мэдэгдэхээр харуул гаргажээ. 
Чингүнжавын отог албат, төрөл төрөгсдийг төлөөлөн нутаг нугын олон хүн цугларчээ. Цугларсан олон залбирал үйлдэж, гүн эмгэнэл илэрхийлж шадар вангийн эрхий хурууг мөнгөн хайрцагт шилжүүлэн хийж оршуулжээ. Тэнд том хавтгай чулуугаар монгол гэрийн хэлбэртэй бат бэх овоо босгожээ. Тэрхүү овоог түүнээс хойш Цагаан чулуутын овоо хэмээн нэрлэсээр иржээ. Тэнд шадар вангийн нутаглах дуртай байсан Их-Уулаас том үндэс суурьтай таван мод авчирч тарин суулгажээ. Түүнийг мөчир салаа ихтэй саглагар сайхан модод болохыг билэгдэн шимтэй шороогоор булж, Дэлгэр мөрний усаар усалсан гэдэг. Цугларсан олон босгосон овоогоо тойрч ийнхүү уянгалан дуулжээ.
Тэр уулын оройд
Мандсан чиг нараа
Тэр бүгдийг тэргүүлсэн
Шадар ван хөөрхий
Гунан зуурд морио Унасан чиг болоосой
Гурван түмэн цэргээ Дагуулсан чиг болоосой
Гарьд шувууны зулзага нь Шивэргэн гүйцээд ниснэ
Ганцаар тэргүүлээд мордсон
Шадар ван хөөрхий
Бүргэд шувууны зулзага нь
Бүгдийг тэргүүлээд мордсон
Шадар ван хөөрхий
Замын тоос л гарлаа
Зандан шаргын тоосоо л
Задын үүл нь гарнаа
Залуу жанжны исгэрээ гэж сүү цагаан идээнийхээ дээжийг өргөн шадар ван минь сэрүүн тунгалаг хэвээрээ, хотгойд түмнийхээ ая дууг сонсож, идээ будааг зооглон үүрд хамт байх болтугай! хэмээн ерөөл айлджээ.
"Хөвсгөл нутгийн домог хууч оршвой" /Д.Сүрэнжав/ 2001 он
Г. Сумъяабазар-н зураг.