хүүхдийн төлөө зөвлөгөөн

 

Аймгийн Засаг даргын тэргүүлсэн Хүүхдийн төлөө зөвлөлийн ээлжит хуралдааныг өнөөдөр зохион байгууллаа.

 

Аймгийн хүүхдийн эрх, хамгааллын өнөөгийн нөхцөл байдал, төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудлуудыг авч хэлэлцэн, хамтын оролцоотой шийдвэр гаргах зорилгоор өргөтгөсөн байдлаар уг хуралдааныг явуулав.

 

Хуралд зөвлөлийн 25 гишүүн, 24 сумын Засаг дарга, аймаг, сумын Хүүхдийн төлөө зөвлөлийн гишүүн хүүхдүүд 48, Мөрөн сумын хүүхдийн оролцооны байгууллагын төлөөлөл 30 хүүхэд, Мөрөн сумын ЕБС-ийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч, нийгмийн ажилтан нарын 161 орчим хүнийг хамруулав.

 

Хурлаар "Хүүхдийн асуудал- таны анхаарлын төвд" хүүхдийн илтгэл болон аймгийн ЗДТГ-ын НБХ, ХЭЗХ-ийн дарга, аймгийн ГБХЗХГ-ын дарга нарын "Аймгийн хүүхдийн эрх, хамгааллын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал", "Хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд", "Хүүхэд гэмт хэрэгт өртөх, хохирох явдлыг бууруулахад тулгамдаж буй асуудлууд" зэрэг үндсэн 4 илтгэлийг сонсож, Арбулаг, Мөрөн сумын Хүүхдийн төлөө зөвлөл, Хамтарсан багийн үйл ажиллагааны мэдээлэлтэй танилцаж, анхаарах асуудлыг ярилцлаа.

 

Аймаг, сумын Хүүхдийн төлөө зөвлөлийн гишүүн хүүхдүүд "Бидний асуудал- таны шийдвэрт" бүлгийн хэлэлцүүлэг өрнүүлж, зайлшгүй шийдвэрлэх асуудлаар шийдвэр гаргагч нарт шаардлага хүргэлээ.

 

"Хүүхдийн өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэх нь шийдвэр гаргагч нараас хамааралтай" гэсэн шийдлээр хүүхдүүд мэтгэлцэж, санал бодлоо сонирхолтой хэлбэрээр илэрхийллээ.

 

Мөн зөвлөлийн зарим гишүүд болон сумын Засаг дарга нар санал бодлоо илэрхийлэв.

 

Илтгэл, мэдээлэл, хүүхэд, насанд хүрэгчдийн санал, шаардлагад үндэслэн "Хүүхэд хамгаалал- өрхийн хөгжлийг дэмжих" нэрлэсэн жилийн ажлын хүрээнд аймгийн Засаг дарга зөвлөлийн хурлаас дараах шийдвэрийг энэ удаа гаргалаа. Үүнд:

1. Даваагаас Бямба гараг хүртэл өдрийн цагаар хүүхдүүд сургуулийнхаа спорт заалыг үнэ төлбөргүйгээр чөлөөтэй ашигладаг болох.

2. Хүний нөөцийг судалж, ирэх 4 дүгээр сарын 8-ны өдрөөс эхлэн сэтгэл зүйчдийг сургуулиуд дээр тогтмол ажиллуулах.

3. Хууль, тогтоомжид нийцүүлэн сайтар судалж, энэ сардаа багтаан сургуулийн ойр орчимд буюу 100-500 метрээс дотогш зайд байгаа архи, тамхи худалдаалж буй цэгүүд, PC тоглоомын газрын үйл ажиллагааг хаах.

4. Хүүхэд хамгааллын бодлогын жишиг баримт бичиг, хүүхэд хамгааллын ёс зүйн дүрэмд нийцүүлэн хүүхэдтэй зүй бус харьцаж, хүчирхийлэл үйлдсэн хэнийг ч бай тухайн ажил, албан тушаалаас нь чөлөөлдөг байх бодлогыг хэрэгжүүлэх.

5. Бусдынхаа сайн сайхны төлөө болон өөрийгөө хөгжүүлэх чиглэлээр чармайн суралцаж, сайн үйлс бүтээсэн, зөв үлгэр дуурайллыг нийгэмдээ, үе тэнгийнхнийхээ дунд түгээн дэлгэрүүлсэн 50 хүүхдийг сонгож олон улсын хүүхдийн Найрамдал зусланд үнэ төлбөргүй амраах.

6. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй өрхийг дэмжиж, хүүхдээ гэртээ байнгын асарч байгаа 97 иргэний нийгмийн даатгалын шимтгэлийг төрөөс хариуцах.

7. Энэ сарын 15-ны өдөр гэхэд аймаг, сумын хэмжээнд золбин нохой устгалын ажлыг зохион байгуулж дуусгах.

8. Аймгийн төвд хүүхдэд хамгийн их эрсдэлтэй цэгүүдэд яаралтай камержуулалтыг хийх.

9. Энэ сарын 8-ны өдрөөс эхлэн эрүүл мэндийн үйлчилгээний 1 сарын аяныг зарлаж, аймгийн нийт хүүхдийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, оношлогоонд хамруулах.

10. Мөрөн сумын ЕБС-иудын ойролцоо авто замын тэмдэг, тэмдэглэгээ, хурд сааруулагчийг стандартын дагуу иж бүрэн хийх.

11. Сургуулиудад ажиллаж байгаа хүүхдийн оролцооны байгууллагуудыг бодитой дэмжих.

12. Хүүхдийн "Уран дөш" зусланг сэргээн засварлах ажлыг төр, аж ахуйн нэгж байгууллага, хувийн хэвшил, иргэдийн оролцоотой 4 дүгээр сарын 5-ны өдрөөс эхлүүлэх.

13. Хөвсгөл аймагтаа далай түшиглэж "Найрамдал-2" зуслан барих төслийн ажлыг эхлүүлж, нээлтийг энэ сарын 20-ны үеэр зохион байгуулах.

14. 4 дүгээр сарын 8-ны өдрөөс "Хүүхэд- итгэлийн харц" 3 сарын аяныг аймгийн хэмжээнд өрнүүлж, хүүхдийн болон гэр бүлийн хөгжлийг дэмжсэн үйлчилгээг өргөжүүлэх.

 

Ийнхүү хүүхдийн асуудлыг анхааран сонсож, бодитой шийдвэр гаргасан үр дүнтэй хурал боллоо.

 

Шийдвэрийг аймгийн Засаг даргын захирамж, Хүүхдийн төлөө зөвлөлийн тогтоолоор баталгаажуулж, судлан хэрэгжүүлэх ажилд орлоо.

 

Гэр бүлд суурилсан хүүхэд, залуучуудын хөгжил, хамгаалалд хамтдаа.

 

Хөвсгөл аймаг, удирдлагын ордон. 2019.04.04, төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудлуудыг авч хэлэлцэн, хамтын оролцоотой шийдвэр гаргах зорилгоор өргөтгөсөн байдлаар уг хуралдааныг явуулав.